Category

Зөвлөмж

Category

Алсын аянд суралцахаар, виз тань олгогдож , тийзээ авчихаад яг юунаас эхэлж бэлтгэхээ сайн мэдэхгүй байна уу та ? Сандрах хэрэггүй!

Яг танд зориулж , би өөрийнхөө суралцахаар явах аялалдаа хэрхэн бэлтгэдэг туршлагаа зөвлөмж болгон энэхүү блогоороо хүргэж байна

Гадаад улсад түр болон урт хугацаагаар суралцах хийгээд оршин суух нь ямар ч хүний амьдралд мартагдашгүй сайхан дурсамж үлдээх нь гарцаагүй. Энэхүү амьдралд тохиох мөчөө хөгжилтэй, тохь тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь таны хувийн бэлтгэлээ хэр базаахаас ихээхэн шалтгаална.

#1. Зардал тооцох

Юуны өмнө та аян замын туршид шаардагдах бүхий л зардлаа урьдчилан тооцоолох хэрэгтэй ба үүндээ , хот доторх тээвэр, харилцаа холбооны зардлаас авхуулаад очоод байрлах газар гэх мэтээр гарах зардлыг аль болох бүгдийг багтаан төлөвлөхийг хичээгээрэй. Миний хувийн туршлагаас харахад, тооцооллоосоо арай илүү буюу өөрөөр хэлбэл зохих хэмжээний нөөцтэй байхаар төлөвлөн мөнгөө авч явахыг танд зөвлөж байна. Мөн суралцахаар очих газрынхаа автобус, таксинд суух, эсвэл жижиг мухлагаас юм худалдан авах зэрэг зээлийн карт ашиглах боломжгүй тохиолдолд хэрэглэх зорилгоор бага дэвсгэртийн бэлэн мөнгө биедээ авч явахад илүүдэхгүй шүү.

#2. Банкны картаа бэлтгэх

Та эндээс гарахаасаа өмнө өөрийн үйлчлүүлдэг банкны картын төвд хандаж, зорчих орон болон аялах хугацаагаа урдьчилан мэдэгдэх, картын эрх нээлгэх, шуурхай эргэж холбогдох дугаарыг баталгаажуулж авах гэх мэт зохих үйлчилгээнүүдийг нь идэвхжүүлснээр гадаад улсад очсон хойно зээлийн карттай холбоотой гарч болох эрсдэлээс (Зээлийн карт түгжигдэх гм.) урьдчилан сэргийлж чадна.

#3 Тээврийн хэрэгсэл захиалах

Та цагаа хэмнэхийг хүсч байвал очих газрынхаа, хот доторх болон хот хоорондын тээврийг өөрийн зуучлуулж буй байгууллагад хандан зохицуулуулж болох ба энэ бүгдээ өөрөө зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол интернет ашиглан очих гэж буй газрын тээврийн хэрэгслүүдийг судлан, тийзээ урьдчилан захиалж, цагаа хэмнэн байрлахаар очих газартаа саадгүй хүрэх бүрэн боломжтой. Харих замын захиалгаа мөн хийхээ мартавзай!

#4. Даатгал

Гадаадад суралцах хугацаанд шаардагдах даатгалын талаарх мэдээллийг та зуучлуулж буй газраасаа авах бүрэн боломжтой ба та өөрөө ч энэ талаар даатгалын газраасаа дахин лавлаад үзэхэд илүүдэхгүй. Учир нь ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал зарлагдсан байх магадлалтай.

#5. Бичиг баримт бэлтгэх

Таны гадаадад суралцах хугацаанд хэрэг болж магадгүй гэсэн бичиг баримтуудыг хувилан гэртээ эсвэл найз нөхөд болон ойр дотны хүмүүстээ үлдээгээрэй. Өөртөө мөн цахим хувилбарыг хадгалж, цаасан хувийг биедээ авч явсан нь дээр. Энэ нь танд суралцах хугацаанд үүсч болзошгүй ямар нэг эрсдэлээс (Бичиг баримт алдаглах гм.) бүрэн хамгаалах болно.

#6. Орчинтойгоо танилцах

Суралцах газрынхаа талаар бүрэн судалж, ойр орчинтойгоо танилцах аяллын маршрутаа урьдчилан төлөвлөх , холбогдох мэдээллийг цуглуулж авах нь эхний ээлжинд таны гадаадад суралцахын нэг чухал хэсэг бөгөөд ая тухтай амьдарч бас суралцахад их тус болдог. Зурагт эсвэл танилцуулга дээрээс харсан газруудаа бодитоор очиж харах нь үгээр хэлшгүй гайхамшигтай мэдрэмж танд төрүүлэх нь гарцаагүй. Улиралын амралтаараа олон зүйлийг амжуулж олон олон гайхамшигтай газраар аялахыг хүсэж байгаа бол та аялалын хөтөч сонгох эсвэл зүгээр Google map ашиглахад л болно.

#7. Ачаагаа баглах

Ачаагаа баглахаас өмнө та ачааны овор болон зөвшөөрөгдөх жингийн талаарх мэдээллийг нислэгийн компаниас урьдчилан лавласан байх шаардлагатай. Гар тээшиндээ шүдний сойз, утасны залгуур, шилжүүлэгчээс авхуулаад нэг ээлжийн хувцас гэх мэт ойр зуур нэн түрүүнд хэрэг болох зүйлсээ авсан нь дээр шүү. Юмыг яаж мэдэх вэ, таны тээшинд өгсөн ачаа санаандгүй нэг газар гацчих ч юм билүү. Хэрэв та дамжин зорчих гэж буй газартаа 1 ээс дээш хугацаар байрлах гэж байгаа бол усанд орох хэрэгсэлээ тэндээсээ авсан нь зүгээр. Ачаагаа баглаж дуусмагц та өөрийн нэр болон холбоо барих хаягаа ачааны шошго болгон зүүхээ бүү мартаарай.

Мөн та эмчийн жороор ямар нэг эм тогтмол уух шаардлагатай байдаг бол эхний ээлжинд тохирох хэмжээгээр урьдчилан авч яваарай. Эсвэл эмчийнхээ жороор суралцах гэж буй орондоо очоод худалдан авч болох юм.

#8. Шинэ үгс сурах

Хэрэв таны хичээл англи хэл дээр явагдах бол та суралцах улсынхаа хэл дээр, нэн түрүүнд хэрэг болохуйц цөөн үгсийг тогтоогоод авахад илүүдэхгүй ба онгоцонд шинэ үгсээ харж, дуудлага аялгыг нь чихэндээ хоногшуулж явах нь аян замдаа аялах урт хугацааг хурдан өнгөрөөх нэг арга болох нь гарцаагүй. Мөн тухайн улсын хэл дээр мэндэлж, талархаж бас үдэж сурах нь тэндхийн оршин суугчдад дотно сэтгэгдэл үлдээнэ гэдгийг бүү мартаарай.

#9. Холбоо барих

Зорьсон газраа очоод шаардлагатай хүмүүстэйгээ хэрхэн холбогдохоо урьдчилан тохирч, мэдэгдсэн байвал тун зүгээр. Мэдээж суралцахад урт хугацаагаа шаардагдах учир тухайн газраасаа сим карт худалдаж авах мэдээж ашигтай. Харин эхний ээлжинд roaming үйлчилгээ ашиглах бол үнэ тарифийг нь урьдчилан мэдэж, гарах зардлаа тооцоолсон байх хэрэгтэй. Мөн та чухал утасны дугаарууд болон нууц үгээ мартахгүй байхаар тэмдэглэж авсан байх яаралтай үед тун их хэрэг болно шүү.

#10. Зочлох

Хэрэв та суралцах улсдаа ямар нэгэн айлд эсвэл найз нөхөд дээрээ зочлохоор төлөвлөж байгаа бол жижиг бэлэг дурсгалын зүйлс авч явах нь тэдэнд дотно сэтгэгдэл үлдээх болно. Гэхдээ зочилж очихоо урьдчилан мэдэгдэхээ бүү мартаарай.

#11. Догдлол

Энэ аялал таны алсад суралцахаар гарах гэж буй анхны аялал бол танд гарахаасаа өмнө төлөвлөх болон бэлтгэх зүйлс их байх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь таныг төрсөн гэрээсээ хол адал явдалаар дүүрэн, хөгжилтэй амьдарч бас суралцахад саад болох учиргүй тул юмаа эртхэн баглаж бэлдчихээд өөртөө сэтгэл догдлон хүлээж суух цаг гаргаарай. Энэ нь таны алс холыг суралцахаар зорих аяллын бэлтгэлийн хамгийн сайхан мөчүүдийн нэг хэсэг байх нь гарцаагүй.

Танд эрдмийн өндөр амжилт хүсэе!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Солонгос улсад сурч, ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа хүмүүс TOPIK-ийн шалгалтын оноотой бол давуу талууд болон боломжууд үүсдэг. Солонгос хэл…