Tag

bachelor

Browsing

Аливаа зүйлийг хийхээсээ өмнө бид зорилгоо тодорхой болгох нь бидний цаг хугацааг хэмнэдэг. Гадаадын их, дээд сургуулиудад бүртгүүлэхэд заавал суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/ шаарддаг. Энэхүү төлөвлөгөө нь тухайн сургуульд элсэхэд таныг энэ сургуульд тохирох оюутан мөн үү, үгүй юу гэдгийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт болох юм.

Хэрвээ та Солонгос орныг сурахаар зорих гэж байгаа бол тухайн орны ёс заншил, соёл иргэншил болон сурах гэж буй сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг судлан яагаад заавал Солонгос оронд сурах хүсэлтэй байгаа тэр тундаа энэхүү сургуулийг сонгох болсон шалтгаанаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй.
Суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа дараах 3-н үндсэн агуулгад хуваан бичих хэрэгтэй.

  1. Өнгөрсөн (Та идэвхтэй, амжилттай суралцаж байснаа харуулах хэсэг бөгөөд яагаад Солонгос улсад сурах гэж байгаагаа бичнэ)
  2. Одоо (Хэрвээ сургууль таныг элсэхийг зөвшөөрсөн тохиолдолд та суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?) / хамгийн чухал хэсэг/
  3. Ирээдүй (Солонгос улсад суралцсаны дараах төлөвлөгөө )

Хэлний бэлтгэл болон цааш бакалавр болон түүнээс дээш зэрэгт суралцах гэж байгаа бол та суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа бичихдээ доорх хэсгийг анхааран унших хэрэгтэй.

1. Яагаад Солонгос хэлийг сонгосон бэ? ★ ★ ★

◆ Солонгос хэлийг сурах болсон шалтгаанаа тусгаж өгөх хэрэгтэй. Солонгос орноор аялж байсан бол түүх, ёс заншил, амьдралын хэв маяг, мэдэж судлахыг хүсэж байгаагаа дурдах нь зүйтэй. Мөн Солонгосын их сургуулиуд таныг өмнө нь ямар нэгэн Солонгос хэлний сургалт, дамжаанд явж байсан эсэхээс хамаарч Солонгос оронд суралцах хүсэлтэйг харах болно.

2. Яагаад Солонгос орныг сонгох болсон бэ? ★ ★ ★

◆ Дэлхийн өөр олон улс орнууд бич яагаад заавал Солонгос улсыг сонгон суралцах болсон шалтгаан. Жич: Солонгос улсыг сонгон суралцах болсон онцгой шалтгаан байгаа бол түүнийгээ тодорхой бичих.

3. Сургуулиа тодорхойлох ★ ★ ★

◆ Яагаад энэхүү сургуулийг сонгон суралцах болсон бэ?
Хэрвээ та хэлний бэлтгэлээ төгсөөд бакалаврт суралцахаар төлөвлөсөн бол та суралцахыг хүсэж буй мэргэжлээ яагаад эзэмшмээр байгаа, энэхүү сургуульд суралцсанаар ямар давуу талуудтай, тус улс таны сонгосон мэргэжлээр хэр хөгжингүй зэргийг судлан бичих. Яагаад бичих хэрэгтэй вэ гэвэл сургууль таныг манай сургууль-д сурах, төгсөх хүсэл зорилготой мөн тухайн сургуульд орсноороо ямар эерэг нөлөө үзүүлж чадах гэдгийг мэдэх гэж байгаа юм. Мөн үүн нэмээд өөрийн мэргэжилтэй холбоотой ямар мөрөөдөлтэй гэдгээ бичээрэй.  

4. Суралцах төлөвлөгөө ★ ★ ★

◆ Сургуульдаа суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?
— Эхний 6 сар- 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суух бөгөөд үндсэн мэргэжлийн ангидаа ороход ТОПИК-н 3 ба 4-р төвшнөөс илүү оноо авахаа итгэл үнэмшил төрүүлэхүйц бичих хэрэгтэй.
— Мөн сургуулийнхаа аливаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, тэмцээн уралдаанд өөрийн туршлага дээрээ үндэслэн Монгол улсаа төлөөлөн оролцоно гэсэн санаагаа нэмэн оруулж болно.
— Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө илүү урт бөгөөд дэлгэрэнгүй болгохыг хүсэж байвал энэхүү хэсэгт 4–5 жил суралцах хугацаандаа хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг жил жилээр нь нарийн бичиж болно.

5. Солонгос улсад суралцан төгсөөд та юу хийх вэ? ★ ★ ★

◆ Та сургуулиа төгсөөд, өөрийн сонгосон мэргэжлээ эзэмшээд ямар ажил хийхийг хүсч байгаа вэ? мөн өөрийн улс орон болон нийгэмдээ юу хийж, өөрчилж чадах вэ?
/Өөрийгөө дутуу үнэлсэн зүйл бичих хэрэггүй, сургууль тийм хүнийг авах хүсэлгүй байх болно/
Эцэст нь хэлэхэд таны материалаа явуулж буй сургуульд элсэх хүсэлтэй олон оюутнуудаас яагаад таныг авах ёстой вэ? гэдэг дээр тулгуурлан бүхий л бичих зүйлсээ бодож бичих хэрэгтэй.

6. Зөвлөмж ★ ★ ★

  • Тухайн сургууль болон мэргэжлийг яагаад сонгосон тухайгаа бичихдээ тэр сургууль болон сонгосон мэргэжлийн тэнхимийн давуу талыг бичиж өгвөл сайн. (сургуулийн web хуудаснаас харж болдог)
  • Овог нэр, төрсөн огноо, суралцсан сургуулийн жагсаалт гэх мэт  анкет дээр байгаа мэдээллийг бичихгүй
  • Сургалтын алба өдөрт эссег мянга мянгаар нь уншиж байдаг болохоор сонирхолтой, хүний анхаарлыг татахаар бичих гэж хичээвэл сайн
  • Суралцах төлөвлөгөө бичихээсээ өмнө СУДАЛГАА хийх маш чухал

Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө бичихдээ “давс, чихрийнхээ тунг нь тааруулж” бичээрэй. Албан бичиг биш тул хэт их албаны үг хэллэг , мөн хэт их уянгын халилтай, уран зохиолын эсээ шиг үг хэллэг бичих хэрэггүй. Мөн та өөрийн тохиромжтой гэж үзсэн хэсэгтээ алдартай хүний хэлсэн ишлэл, ном зохиолын алдартай ишлэлээс дурдаж өгвөл таны мэдлэг чадварыг илүү илтгэх болно. Мөн суралцах төлөвлөгөөгөө сайн бичвэл тэтгэлэг олгох тохиолдол ч их байдаг учраас та хичээгээрэй!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn